Tuesday, August 26, 2014

XIII-XIV зууны үед бичигдсэн монгол ном, судар бичгүүд үрэгдэж алга болсон нь

   Танд энэ өдрийн мэнд хүргэе! Монголчууд үүх түүхээ аман зохиол, шүлэглэсэн хэлбэрээр хойч үедээ дамжуулдаг байснаас гадна бичгийн эрдэмтэн хүмүүс олон тооны ном зохиол бичиж, туурвиж байсан боловч түүхийн нухачаанд дийлэнх/бараг бүгд/ нь устаж, үрэгдсэн байдаг.
   XIII-XIV зууны үед бичигдсэн монгол ном зохиол олон байсан боловч уламжлан үлдэж хоцорсон нь нэн ховор юм. Монгол ном зохиол хэд хэдэн удаа сүрхий сүйрэлд автсан байна. Юуны өмнө хятадад монголын ноёрхол унах үед Мин улсын цэргийн хөлд ихээхэн монгол ном судар, тэмдэглэл, баримт бичиг сүйджээ.
   Энэ талаар зарим нэг жишээ дурьдвал Тогоонтөмөр хааны сүүлч үеийн монгол эрдэмтэн Баян, хятадын Хэнань мужаас олон зуун өрх айл дагуулан эх нутаг руугаа нүүж яваад Чжу Юаньчжаний бослогын цэрэгтэй дайралдаж, Баян эхнэртэйгээ алагдаж, ачиж явсан өдий төдий ном судар устжээ. Эрдэмтэн Баяны амь насаа алдах үед үзэгдсэн газарт нь "татар хүнийг алж, татар үсэгтэй номыг шатаа" гэдэг уриалгыг бүх хятад даяар тараасан байжээ.Чжу Юаньчжаны цэргийн жанжин Сюй Да, Хаанбалгасан/Бээжин/ хотыг эзлэн авч хааны өвлийн ордыг бүслэх үед монгол ном, зохиолыг нэлээд сүйтгэжээ.1410-аад оны үед Мин улсын Юн Лэ хааны цэрэг Хархорум хотыг эвдлэн шатаахад тэнд хадгалагдаж байсан түүхийн ховор сурвалж зохиолууд устжээ.
    Энэ бүх байдал болон бас бус шалтгааны улмаас түүхийн монгол ном зохиол, баримт бичиг устаж, зөвхөн хүмүүс гэрээрээ нууцлан хадгалах журмаар зарим бичиг зохиолыг авч үлджээ.
   Гэвч үүгээр дуусахгүй Манж Чин улсын Найралт төв, Тэнгэрийн тэтгэсэн хааны үед бас монгол ном зохиол шатаах нүгэлтэй ажлыг хийж байжээ. Энэ үед олон хуурамч монгол ном судар хэвлэсэн, бас монгол айлуудаар хадгалагдаж байсан ном судрыг цуглуулан хурааж аваад оронд нь бурханы судар тавьж олгосон байна.
   Ингэж устгаж, сүйтгэж явсаар хамгийн сүүлийн удаа 1848 онд их хэмжээгээр устгаж, шатаасан байна.

Эх сурвалж: "Монголын түүх 1260-1388"
Чулууны Далай, гудгаар дэвтэр

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Recent Posts