Tuesday, January 24, 2017

Үндэсний сэхээтнүүдээр дутаж гачигдсан цаг ирсэн үү?

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сэхээтэн гэж хэнийг хэлэх вэ? Сэхээтний давхарга улс орны хөгжилд яагаад хэрэгтэй байдаг вэ? гэсэн сэдвээр зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд гуайн ярилцлагаас чухал гэсэн хэсгийг та бүхэндээ түүвэрлэн хүргэж байна. 

1. Тухайн улс үндэстнийхээ хөгжил дэвшилийн түүчээ манлай болсон, дэвшилтэд үзэл санааг тээгч, шаардлагатай үед улс орныхоо хөгжил, ард түмнийхээ тусын тулд ухамсартайгаар төлбөр золиос болж чадах чадвартай, эр зоригтой хэсгийг сэхээтнүүд гэж товчхондоо ойлгож болно. (Жич : дээд сургуулийн бакалавр, магистер, докторын зэргээр зөвхөн хязгаарлагдахгүй)

2. Социализмын үед үзэл суртлын гажуудал байсан боловч их дээл сургууль төгсөж байгаа залуучуудыг эх орныхоо хөгжил дэвшилийн төлөө зүтгэх ёстой, нийгмийнхээ өмнө хариуцлага үүрэх ёстой гэсэн үзэл санаагаар маш хүчтэй цэнэглэж өгдөг байсан.

3. 1990-ээд оноос өмнө 10 гаруй их сургуультай 8000 гаруй оюутантай байсан, одоо үед 110 гаруй их сургуультай 150-160 мянган оюутантай болсон. Энэ үзүүлэлтээрээ бид дэлхийд хөгжлөөрөө тасарцан байх ёстой, гэвч тийм биш. Учир нь их, дээд сургууль төгссөн бүр сэхээтэн болж чадахгүй байна.

4. Өнөөдрийн дээд боловсролтой хүмүүсд илэрхий дутагддаг зүйл бол тухайн салбарынхаа, улс орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн өмнө хүлээх хариуцлага, ёс зүй, ёс суртахуунлаг байдал, оюунлаг байдал, эрмэлзэл тэмүүлэл, хөдөлмөрч байдал, эх оронч үзэл санаа юм. Эдгээр зүйлсгүйгээр сэхээтэн гэж нэрлэгдэх бололцоо байхгүй.

5. Хуучин цагт хөгшичүүл, "хөл нүцгэн явах яахав хүн шиг яваарай" гэж захидаг байсан. Одоо бол хүн шиг явна гэдгийг арай өөрөөр хардаг болсон байна. Сайхан машин унаад, сайхан том байртай, сайхан албан тушаалтай байх юм бол хүн шиг явж байгаа юм шиг харагддаг, тийм гаж ойлголт бий болсон.

6. Өнөө үед сэхээтэн байхгүй биш байгаа, гэхдээ хуучин цаг шиг бүхэл бүтэн давхаргаараа(сэхээтний давхарга) алга.

7. Япончууд их, дээд сургууль төгссөн залуучуудыг төрийн алба төдийгүй хувийн албанд авахдаа японы түүх соёл, өв уламжлал, ёс зүйн талыг хардаг. Энэ юу вэ гэхээр чадвартай хүн байх нь чухал, гэхдээ япон хүн байх нь илүү чухал гэж үздэг.

8. Сэхээтний давхарга өгүүлэгдэж байгаа нэг шинж нь юу гэхээр мухар сүсэгт хүчтэй автдаг.

9. Танин мэдэхүй хомс, Оюунлаг байдал хомс, Ёс суртахуунлаг байдал хомс, Гэгээлэг байдал хомс байгаа нь нийгэм ерөнхийдөө харанхуй байгаагын шинж. Нийгэм харанхуй байгаад ирэхээр өөрийгөө харанхуй байгааг мэдэрдэггүй. Оюуны хоосролын хамгийн хорлонтой, хэцүү зүйл нь энэ юм. Биеийн өлсгөлөн бол өлсөх тусмаа мэдрэгдээд зовоогоод байдаг. Оюуны өлсгөлөн бол өлсөх тусмаа бүүр цатгалан байгаа юм шиг мэдрэгдээд байдаг аюул байдаг.

10. Нийгмээ сэхээтэнлэг болгохын тулд хамгийн түрүүнд соён гэгээрлийн ажлыг хийх хэрэгтэй. Төр бодлогоор хийх хэрэгтэй.

11. Одоо дунд, их, дээд сургууль суралцаж байгаа хүүхэд залуучуудад хүссэн хүсээгүй 20-30 жилийн дараа энэ улс орны авч явах үүрэг хариуцлага, ачаа ирэх болно. Тэгэхээр одооноос эхлээд өөрсдийгөө бэлдэж байх хэрэгтэй. Үүнийг мэдрээд ухамсартайгаар тэмцэж байгаа хүн жинхэнэ/үндэсний сэхээтэн болж чадна.

Сэхээрч ухаарсан хүнийг сэхээтэн гэж хэлнэ. 

                                      Лодонгын Түдэв.


0 Сэтгэгдэл:

Post a Comment

Recent Posts